|
Азийн Хөгжлийн Банкнаас Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын Мэдээлэл, технологийн хэлтэстэй хамтран “Хотын хөгжил – Газарзүйн мэдээллийн систем” төслийг хэрэгжүүлсэн бөгөөд төслийн үр дүнд хот байгуулалт, нийгэм-эдийн засаг болон байгаль орчны цогц мэдээлэл бүхий вэб газарзүйн мэдээллийн системийг байгууллаа. Сүүлийн үед газарзүйн мэдээллийн системийг олон салбарт ашиглаж байгаа бөгөөд хотын дэд бүтэц, үйлчилгээ, ядуурал, байгаль орчны бохирдол зэрэгтэй холбоотой мэдээллийг орон зайн хувьд зураглан шийдвэр гаргагчдад хүргэхэд ашиглах нь хамгийн түгээмэл хэрэглээ болоод байна. Төслийн гол зорилго нь Улаанбаатар хотын нөхцөлд тохирсон бөгөөд газарзүйн мэдээлэлд суурилсан байгаль орчин болон ядуурлын багц шалгуур үзүүлэлтүүдийн тусламжтайгаар орон нутгийн ядуурал, үйлчилгээ, дэд бүтцийн хүртээмжийн байдлыг үнэлэх аргыг боловсруулан, түүнийг хотын төсөв хуваарилалт, дэд бүтэц барьж байгуулах, шийдвэр гаргах, хот төлөвлөлт, байгаль орчны мониторинг зэрэгт ашиглах явдал юм. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын байгаль орчин, хот байгуулалт, нийгэм-эдийн засгийн холбогдолтой зарим мэдээллийг нээлттэй эх үүсвэрийн мэдээллийн сангийн систем рүү хөрвүүлэн, сонгосон 32 шалгуур үзүүлэлтүүдэд орон зайн дүн шинжилгээ хийн хорооны түвшинд зураглаж олон нийтэд энэхүү цахим хуудсаар дамжуулан хүргэж байна. Дээрх 32 шалгуур үзүүлэлтүүдийг нэгтгэн Улаанбаатар хотын хороодын нийгэм эдийн засаг, байгаль орчны эмзэг байдлын үнэлгээг гаргасан бөгөөд энэхүү үнэлгээний үр дүнг цахим хуудасны Нийгэм, дэд бүтэц хэсэгт байрлуулсан болно. Уг вэб газарзүйн мэдээллийн системийг хот төлөвлөлтийн бодлого, хотыг хөгжүүлэх асуудлаар шийдвэр гаргах, олон нийтэд хот байгуулалт, гамшиг, байгаль орчны бохирдолын талаарх зурган мэдээллийг интернетээр дамжуулан хүргэхэд, болон хотын төсөв хуваарилалт, зарцуулалтыг олон нийтэд мэдээлэхэд ашиглах боломжтой юм.
|